Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмнэлгүүдэд хяналт шинжилгээ хийжээ. Шалгалтад нийслэлийн долоон дүүргийн 96, 20 аймгийн 105 эмнэлэг, 4 кабинет хамрагдсан байна.
205 эмнэлгээс ариун материал, агаар, халдваргүйтгэлийн бодис, усны дээж авч шинжлүүлэн, улсын байцаагчийн 248 дүгнэлт гаргалаа. Үзлэг, эмчилгээнд хэрэглэх ариун багаж, хэрэгслийн 566 сорьц буюу нийслэлд хяналт шинжилгээнд хамрагдсан эмнэлгүүд 100 хувь, аймгуудын 95 хувьд нянгийн бохирдолгүй, ариун гарсан байна. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн бодисын дээжинд хийсэн шинжилгээгээр нийслэлд 100 хувь, орон нутагт 98 хувь нь халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлсэн ололттой тал байна.
Гэхдээ эмнэлгийн байрандаа ариутгалын хэсэгтэй 73 эмнэлгийн 55 хувь бохир багаж, материал хүлээн авах, угаалга, халдваргүйжүүлэлт хийх, хатаах, засварлах, боох, савлах, ариутгах, ариун багаж, материал хадгалах тусдаа өрөөгүй, агааржуулалтын системгүй байлаа. Энэ нь ариутгалын чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн үг юм.
Ариутгалаа гэрээгээр хийлгэдэг эмнэлгүүд зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, хэрэглээгүй ариун багаж материалын хадгалах хугацааг баримтладаггүй, удаан хадгалдаг зэрэг халдвар үүсэх нөхцөл бүрдүүлж байна.
Цаашид шүдний эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг боловсруулж, батлуулах, цөөн ажилтантай клиникүүд /ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүд/ чанарын болон халдвар хяналтын баг, дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодлогын хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээг авч тодорхой болгохыг тусгасан албан тоотыг Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлжээ.
No comments: